"Тэрбум мод" хөдөлгөөний зардлыг жил бүр улсын төсөвт суулгана
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлиг гаргалаа.
Тэрбээр, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргалаа. Зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газарт өнөөдөр хүргүүлэв.
Уг зарлигт,
Жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх,
Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх,
Дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгов.
Иргэд, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулах, байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, технологийн нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг бие даасан салбар болгон хөгжүүлэхийг чиглэл болголоо.
Зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр улсын төсөвт суулгах, хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгов.