“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон түүчээлэн нэгдэж, өнөөдөр /2021.10.05/ Хан-Уул дүүргийн шинэ нисэх замд буюу “Ногоон хэрэм” төслийн байршилд мод тарилаа.
Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх Ц.Тогоо, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд С.Баатаржав нар нээж үг хэлэв.
Мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээр Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг идэвх санаачилгатай оролцож, эх байгалиа хайрлан хамгаалах, мод тарьж ургуулах үйлсэд бодит хувь нэмрээ оруулахыг уриалж байгаа юм.