Тэрбум мод тарьснаар ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 1 хувиар нэмэгдүүлнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 онд эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо “Манай улс 2030 он гэхэд тэрбум мод ургуулахаар төлөвлөсөн” гэж зарлалаа.
Ингээд энэ хөдөлгөөнийг аравдугаар сарын 4-ний өдөр албан ёсоор эхлүүлж Монгол орон даяар мод тарих үйл явц идэвхитэй өрнөв. Манай улсын хувьд газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн, байгаль орчны нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай болсон энэ үед үндэсний хэмжээнд мод тарих ажлыг өрнүүлэхээр болсон нь цагаа олсон онцгой ач холбогдолтой үйл явдал гэж үзэж байгаа юм.
2021 оны 11 дүгээр сарын 4-нд ИБУИНХУ-ын Глазгоу хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон юм. Энэ үеэр дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагууд Монгол Улсад өрнүүлэхээр болсон мод тарих хөдөлгөөнийг талархан хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн аюулын эсрэг хувь нэмэр болох энэ ажлыг Монголын өнцөг булан бүрт дэмжин хүлээн авч бүх аймаг, сум, дүүргүүд, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих ажилд оролцохоор болсон. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 100 сая мод, "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани 176 сая мод тарьж ургуулахаар болж байна.
Мөн энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан юм. Энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах, ойн салбарын оролцоо, хоорондын уялдааг хангах, санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
Салбарын яам ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэргийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээ чуулганы үеэр зарлаад байгаа. Хөдөлгөөний хүрээнд 600 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, хамгаалалтын зурвас байгуулах, агро аж ахуйг хөгжүүлэх зэрэг цогц арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Ийнхүү байгаль орчин, эх дэлхийгээ хүндэтгэн дээдэлж ирсэн монголчуудын хувьд цөлжилт, шар шороон шуурганы хор уршгийн эсрэг нийтээрээ нэгдэн тэмцэх их аян ойрын арваад жилийн турш эрчимтэй үргэлжлэх эхлэл тавигдлаа.
Ойн түймэр, үер ус, ган зудын давтамж нэмэгдэж хор хохирол нь гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь бэлчээрийн мал аж ахуй голлон эрхэлдэг манай улсын хувьд онцгой анхаарал хандуулах зүйл болоод байгаа юм.
Түүнчлэн УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, цөлжилттэй тэмцэх зардлыг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой эх үүсвэр болон эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарч, байгаль орчин, экосистемийн доройтлыг бууруулахад хамтран ажиллахаар боллоо.
Цөлжилтийг сааруулах хамгийн зөв алхам болох мод ургамал тарьж ургуулах үндэсний хэмжээний хөдөлгөөнийг Монгол орон даяар өрнүүлж, үүнд иргэд аж ахуйн нэгжүүд, бүх түвшний байгууллага, газрууд өндөр ач холбогдол өгч оролцож эхлээд байна. Мөн Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд болон шашны байгууллагууд, тамирчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ.
Хөдөлгөөнд уул уурхайн 21 аж ахуйн нэгж нэгдэж, 2030 он гэхэд нийт 608.5 сая, Улаанбаатар хот болон 21 аймаг 680 сая мод тарих батламжид гарын үсэг зурсан юм.
“Тэрбум мод” хөдөлгөөний бэлтгэл үе шат 2021-2024 онд, эрчимжүүлэх үе шат 2024-2026 онд, тогтвортой үргэлжлэх үе шат 2027-2030 онд үргэлжилнэ.
Ногоон хөгжлийг эрхэмлэх, хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг уг хөдөлгөөнийг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч уриалсан юм. Байгаль орчны доройтол цөлжилтийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх цаг болсон энэ үед тэрбум мод тарих санаачилга иргэд, олон нийтийн дэмжлэгийг ихээхэн авч байна.
Монгол орны цөлжилт газрын доройтолд уул уурхайн ашиглалт, байгалийн баялаг олборлолт буюу хүний хүчин зүйлийн нөлөө 44 хувь, байгалийн үзэгдэлтэй холбоотой нөлөө 56 хувь байдаг гэсэн тоон үзүүлэлт бий. Нэг ёсондоо байгаль доройтсон шалтгааны тэн хагас нь баялаг ашигласны дараах нөхөн сэргээлт хийгдээгүйтэй холбоотой гэсэн үг. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч уул уурхайн компаниудыг нөхөн сэргээлт эрчимтэй хийхийг уриалсан. Мөн тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай зарлиг гаргаж түүндээ сум, дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарьж ургуулах, арчлах ойн агентлагийг тусгайлан шинээр байгуулах, жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн ашиглах зэрэг олон асуудлыг тусгаад байна.