3-р сарын 21 ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР
Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны тогтоолоор баталжээ.
Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 хувийн амьдрах орчин нь болдог бөгөөд дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарлын явцыг сааруулан, хөрс усыг тогтвортой байлгаж, агаарын бохирдолыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм.
Анхны асар том намган ой ойролцоогоор 350-280 сая жилийн тэртээ үүссэн. Харин навчит модод болох эвэр мод, бургас, царс, нүргэс модод барагцаалбал 60 сая жилийн өмнөөс л үүсэн бүрэлджээ.
Дэлхий дээр 100 000 зүйлийн мод, бут байдаг. Монгол улсын ойн сан 140 гаруй зүйлийн мод сөөгөөс бүрдэнэ.
Ойн хомсдлын 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг.
Ой мод байгаль орчныг хамгаалах талаар хүүхдүүддээ ойлгуулж ухааруулан мэдлэг олгох нь ирээдүй хойч үедээ байгалийн баялгийг хамгаалж үлдээхэд нэн чухал юм. Ой мод агаар, хөрс, ус, хүмүүсийг эрүүл байлгах, уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөнг бууруулах, хот, хөдөөгийн оршин суугчдыг тогтвортой байлгах зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот суурин газарт амьдардаг бөгөөд 2050 он гэхэд 70 хүртэлх хувиар өсөх хандлагатай байгаа нь хүмүүс байгалиасаа салж, ойн тухай мэдлэг, ойлголт дутмагаас болж байгаль дэлхийгээ үл хайхран устгах байдал ихсэж байна.