Ой мод, байгаль дэлхийгээ хамгаалцгаая!
Байгаль дэлхий бол хүн төрөлхтний төрж, өсч буй цорын ганц өлгий нь билээ. Иймээс та бид эх дэлхийгээ хайрлаж, зөв амьдрах ёстой төдийгүй эх дэлхийгээ хамгаалах үйлс нь хүн төрөлхтөн өөрийгөө хамгаалах үйл хэрэгтэй агаар нэг юм. Иймээс хойч үедээ балчир наснаас нь эхлэн цэвэр агаар, цэнгэг ус, ой мод, хөрс шороо, ургамал амьтны ертөнцийн ашиг тусыг ойлгуулах нь нэн чухал болоод байна.
Үүний тулд үлгэрлэж, ажиллах. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн цонхны салхивчийг нээж, тасалгааны агаарыг ариутгах. Цонхны тавиур дээрх цэцэгсийг услах, тоос шороог нь арчиж цэвэрлэж нарлуулах. Цэцэрлэг, сургуулийн орчимд буй зүлэг, цэцгийн мандал модыг арчлах, сүүдэрт нь тоглон наадаж амрах. Цаашлаад гэр, анги танхимд нь цэцэг тариулж загас, шувуу тэжээлгэж байгалийн сайханд зугаалуулж уул тал, горхи булаг, ой мод, өнгийн цэцэгс зэрэг байгалийн сайхантай танилцуулж зөв амьдрах хэвшлийг нэг мөр дадал, заншил болгож, хамгийн энгийн зүйлээр дамжуулан ухамсарлуулах шаардлагатай юм.
Түүнчлэн цэцэрлэг, бага сургуулийн анги танхимыг байгалиа хамгаалах сэдэвтэй болгон тохижуулах, тоглоом наадгайг байгаль хамгаалах сэдвээр баяжуулж, цэцэг навч, ан амьтны зураг дүрс, түүний онцлог, ач холбогдлыг тоглоомуудад нь тусгаж өгөхийн зэрэгцээ бага ангийн сурах бичигт байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэдэвтэй зураг дүрс, дуу шүлэг, үлгэр домгийг түлхүү тусгах.
Мөн цэцэрлэг, бага ангийн багш бэлтгэх их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт байгаль хамгаалах сэдвийг нарийвчлан тусгаж, байгаль хамгаалах сурах бичгийг суурь боловсролын хөтөлбөрт оруулах нь зүйтэй байгааг ахмад сурган хүмүүжүүлэгчид хэлж буй.
Тухайлбал, 1970, 1980- аад онд “Түмэн бодис”, 1990 -ээд онд “Орон нутаг” сурах бичгээр дамжуулан хүүхэд байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах боловсролыг олж авдаг байсан бол өнөөдөр эл боловсролыг олгох сурах бичиг дутмаг болсонд багш, сурган хүмүүжүүлэгчид сэтгэл дундуур байдаг. Иймээс сурах бичгийн агуулгад ч анхаарах шаардлагатай болсныг холбогдох газрууд анхааралдаа авч, байгалиа хамгаалах сэтгэхүйг багаас нь нь суулгаж өгөхөд хаа, хаанаа хичээх цаг ирлээ.